2015-05-09 ХОВД
Ховд аймаг Ховд аймаг 253

ХОВД АЙМГИЙН “МАНЛАЙЛАГЧ 100 ЗАЛУУ” ЧУУЛГАНААС ГАРГАСАН УРИАЛГА

ХОВД АЙМГИЙН “МАНЛАЙЛАГЧ 100 ЗАЛУУ” ЧУУЛГАНААС

 ГАРГАСАН УРИАЛГА

 

2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр                                                           Ховд хот

 

Аливаа улс орны хөгжлийн түүчээ нь залуучууд бөгөөд нийгмийн хөгжлийг авч явах хүч, нөөц бололцоо нь байдаг.

Манай улсын нийт хүн амын дийлэнх хувь нь хүүхэд, залуучууд учир хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын анхаарлын төвд залуучууд байх нь дамжиггүй юм.

Улс эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн хэлхээс нь болсон залуу үе бид эрч хүчтэй, урам зоригтой, байж орчин цагийн хөгжлийн төрхийг үндэстэн ястныхаа түүх, соёл уламжлалтай холбон баяжуулж, залуу хүний шинэ үеийн шинэ төрхийг бий болгон төлөвшүүлэхэд манлайлагч байх учиртай.

Аймгийн 25 мянга гаруй залуучуудаа төлөөлөн энд хүрэлцэн ирсэн залуучууд бид “Манлайлагч 100 залуу” сэдвээр аймгийн төвд 2 өдөр залуучуудын асуудлаар нээлттэй хэлэлцэн, чуулж, нийт залуучууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, дэмжигч, хамтрагч байгууллагууддаа хандан дараах уриалгыг хүргүүлж байна.  Үүнд:

·         Залуу хүн бүр дэлхийд данстай  Монгол улсынхаа нэрийг ямагт дээдэлж,  төрт ёсоо эрхэмлэн, эх оронч үзлээ хүндэтгэн бататгах,  Язгуурын Монголчуудын үндэсний ёс заншил, өв уламжлалыг дээдэлж өвлүүлэн үлдээхэд өөрийн ухамсарт амьдралаа зориулах.

·         Залуучуудын талаар гарсан төрийн бодлого шийдвэрийг амьдралдаа хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэхэд залуу хүн бүр өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө уриалж, өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо төр, олон нийтэд хүргэж байх.

·         Залуу хүн бүр “Гэр-Улсын төрийн тэргүүн” хэмээх өндөр хариуцлагаа нэр төртэй биелүүлж, гэр улсын эв эеийг гагнагч байх, “Эвтэй бол зөвтэй, Зөвтэй бол жаргалтай” гэсэн эрдэм төгс дээдсийн сургаалийг ямагт санаж явах.

·         Залуу хүн бүр хийх, бүтээхийн ариун үйлсийг сонгож нийгмийн хөгжлийн хүч, нөөц нь болохоо олон түмний өмнө баттайгаар харуулж, ямагт манлайлагч, тэргүүлэгч нь байх.

·         Залуу хүн өөрөө болон гэр бүлээрээ Эрүүл мэндээ эрхэм болгож эрүүл биетэй, эрч хүчтэй, эрдэм боловсролтой, оюунлиг иргэн болж, хөгжлийн түүчээ гэдгээ ямагт ухамсарлах.

·          Ажилгүй, орлогогүй хэмээх ойлголтыг залуу хүн бүр өөрийн сэтгэлгээнээсээ халж “Ажилтай орлоготой чинээлэг залуу хүн, залуу гэр бүл” байх зорилгын төлөө хичээн зүтгэж, хөдөлмөрлөх.

·         Залуу хүн бүр аз жаргалыг сөнөөгч, айл гэрийг самууруулагч  архи хорз, атгаг санаа, уур хилэн, утаат тамхи, зуурдын өнгөцхөн амьдралаас хол байж, хойч үедээ үлгэрлэн, өсвөр үе, залуучууддаа амьдралын зөв замыг сонгоход нь дэмжих үүрэг, хариуцлагаа ямагт ухамсарлах.

Энэхүү чуулганаас гаргасан уриалгыг залуу хүн бүр өөрийн эн тэргүүний эрхэмлэх зүйл болгон мөрдөж, ажил төрөл, амьдралын зам мөр бүртээ санаж, хэрэгжүүлж явахыг УРИАЛЖ байна.

 

 

ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД

Сэтгэгдэл ачааллаж байна ..