2015-06-20 ХОВД
Ховд аймаг Ховд аймаг 223

“Нутагтаа сайхан амьдарцгаая” баруун бүсийн чуулган

Монголын Залуучуудын Холбоо 6 жилийн дараа бүсийн чуулга уулзалтаа Баруун бусийн залуучуудын чуулганаар эхэллээ. Баруун бүсийн чуулга уулзалт 2015 оны 06 сарын 19-22-ний өдрүүдэд Баян-өлгий аймагт зохион байгуулагдсан бөгөөд чуулганд Завхан аймгийн Залуучуудын Холбоо, Ховд аймгийн Залуучуудын Холбоо, Увс аймгийн Залуучуудын Холбоо, Баян-өлгий аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгчид болон тус аймгийн 12 сумын залуучуудын холбоо, байгууллагын залуучуудын зөвлөлийн төлөөлөл зэрэг 120 гаруй залуучууд оролцсон юм. Чуулганы төлөөлөгчид баруун бусийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудалууд, Залуучуудын талаарх бодлогын асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх арга зам, хүрэх үр дүн зэргийг тусгасан зөвлөмж гаргав. Чуулганд Монголын Залуучуудын Холбоо, Баян-өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, ИТХ, Залуучуудыг дэмжигч лобби бүлэг зэрэг холбогдох байгууллагууд өндөр ач холбогдол өгч оролцсон бөгөөд МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат үндсэн илтгэл хэлэлцүүлж, байгууллагын стратеги төлөвлөгөө болон цаашид хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж асуулт хэлэлцүүлэг явууллаа.
Энэ удаагийн чуулганаар алс хязгаар нутагт ажилгүй байгаа залуучуудыг ажлын байртай болгох зохион байгуулалтыг хийж
, Залуучуудын хөдөлмөрийн салбар бирж байгуулах, Архи уудаг залуучуудыг судалгаанд хамруулж, эрүүл мэнд спортын чиглэлийн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн орон нутагтаа ажиллаж амьдарч буй залуус “Орон сууцны урьдчилгааг 10% болгох санаачлагыг дэмжиж, төрөөс хэрэгжүүлж буй 8% зээлийг аймаг, сумын төвүүдэд хувийн орон сууц барихад ижил тэгш буюу хот хөдөөгийн ялгаагүй ханддаг байхаар хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй байна” гэдгийг ч энэ үеэр онцолж байсан юм. Эдгээр санал санаачллага, уриалгаас гадна залуучуудын нийгмийн идэвх оролцоог сайжруулах, эрүүл мэнд, боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, залуучуудын бизнес эрхлэх нөхцөл боломж, МЗХ-ны салбар Залуучуудын Хөдөө аж ахуйн корпораци, Орон сууцны корпораци болон байнгын хороодыг бүс нутаг, аймаг сумын хэмжээнд байгуулах талааар ч санал бодлоо солилцлоо.
Ийнхүү баруун бүсийн залуучуудын байгууллагууд нэгдэж байнгын уялдаа холбоотой байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарч чуулга уулзалтыг 2 жил тутамд нэг удаа зохион байгуулж байх шийдвэрийг мөн гаргасан юм.

Сэтгэгдэл ачааллаж байна ..