Ховд аймгийн Иргэний андгай өргөх ёслол
2015-11-14 ХОВД
Ховд аймаг Ховд аймаг 227

Ховд аймгийн Иргэний андгай өргөх ёслол


Ховд аймгийн 16 настнууд “Иргэний андгай” өргөн, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа.


Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол”-ыг өнөөдөр буюу 11 сарын 14-нд Улс орон даяар ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Энэхүү ёслолын үйл ажиллагааг Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тус үйл ажиллагааг Ховд аймгийн Залуучуудын холбооноос аймгийн Засаг даргын ивээл дор 2 дахь жилдээ Монголын бахархлын өдөр буюу Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан зохион байгуулж уг ажиллагаанд Ховд аймгийн ерөнхий боловсролын шилдэг 150 гаруй сурагч оролцсон юм.
Эрхэм хүндтэй зочидоор аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Г.Цоожхүү, аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, Монгол Улсын гавьяат багш Д.Батчулуун, МУГЖ Н.Сэнгэдорж, Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа, болон урлаг, спортын төлөөллүүд уригдаж 16 настнууддаа хандан чин сэтгэлийн үгээ хэлж, баяр хүргэн иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө.
Монгол Улсын ирээдүй болсон 16 настнууд Нутгийн Удирдлагын ордны хуралдааны Их танхимыг дүүргэж сүр жавхлантайгаар “Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт иргэн-Би
Мөнх хөх тэнгэрийн дор, мөнхөд дэгжих эх орныхоо төлөө
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн,
Өвөг дээдсийн өндөр цадигтай,
Өнөд мандах Монголынхоо төлөө
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм
Хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө
Эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж
Дэлхийн энгээр, Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа
Ард түмэндээ андгайлж байна” гэж нэгэн дуугаар хэллээ. Мөн МУСТА, Уртын дуучин Б.Мэндээ ёслолын үйл ажиллагаанд уран бүтээлээ өргөн барив. Түүнчлэн Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа “Нэр төрөө эрхэмлэх нь” сэдэвт лекцийг 16 настнууддаа зориулан уншлаа.
Мөн Үндсэн Хуульд заасан тусгаар тогтнол , бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурласан энэхүү хүндтэй ёслолд Аймгийн ЗДТГ, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн боловсрол соёлын газар хамтран оролцлоо.
Ховд 2015.11.14


Сэтгэгдэл ачааллаж байна ..